УЛААНБААТАР ХОТЫН ТӨВЛӨРСӨН ДУЛААН ХАНГАМЖИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ

Улаанбаатар хот

    “Улаанбаатар Дулааны сүлжээ” ТӨХК нь Дулааны цахилгаан II,III,IV станцууд, Амгалан дулааны станцад үйлдвэрлэсэн дулааны эрчим хүчийг өөрийн эзэмшлийн Ø150…Ø1200 мм голчтой нийт 380 км урттай 15-н магистраль дулааны шугам болон 10-н даралт өргөх насосны станцаар дамжуулан Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн системд холбогдсон 2838 аж ахуйн гэрээтэй хэрэглэгч, Улсын болон хувийн орон сууцны конторуудын 2924 Гкал/ц-ийн дулааны тооцоот ачаалал бүхий 12507 барилга, объектын халаалт, халуун ус, салхивчийн дулааны эрчим хүчний хэрэглээг жилийн турш тасралтгүй, найдвартай хэвийн ханган ажиллаж байна.

Сүүлийн жилүүдэд Засгийн газрын 2019 оны 202 дугаар тогтоолоор баталсан “150 мянган айл-орон сууц” үндэсний хөтөлбөр болон нийслэл хотын гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд барилгажилт эрчимтэй явагдаж томоохон хотхон, хорооллууд болон агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр, Засгийн газрын 2019 оны “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” 62 дугаар тогтоол, Нийслэлийн засаг даргын 2019 оны “Нам даралтын халаалтын зууханд түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” А/1377 дугаар захирамжийн дагуу халаалтын зуухтай барилга, объектуудыг үе шаттайгаар төвлөрсөн дулаан хангамжид холбох ажлыг зохион байгуулан ажиллаж байна. Жилд дунджаар 150-230 Гкал/ц-ийн дулааны тооцоот ачаалал бүхий 250-450 гаруй барилга байгууламжийг  хотын төвлөрсөн дулаан хангамжид шинээр холбож дулаан түгээлт жилдээ 5-8%-иар өссөн үзүүлэлттэй байна.

Тайлбар: 2020 онд хэрэглэгчдэд түгээсэн дулааны эрчим хүчний хэмжээ төлөвлөснөөс 1.6%-иар буюу 105.1 мян.Гкал-аар, өмнөх оны гүйцэтгэлээс 5.2%-иар буюу 331.3 мян.Гкал-аар тус тус өссөн үзүүлэлттэй байна.

Эрчим хүчний салбарын үйлдвэрлэл, хангамж нь улс орны аюулгүй байдал, эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн суурийг бүрдүүлж байдаг. Мөн хот суурин газрын үйлдвэр, объект орон сууцны барилга байгууламжийг дулааны эрчим хүчээр тасралтгүй, найдвартай хангах үндсэн үүрэгтэй билээ. Хотын хөгжилтэй уялдаж сүүлийн жилүүдэд хүн амын төвлөрөл эрчимтэй өсч, шинэ бүтээн байгуулалт, гэр хорооллын дахин төлөвлөлт, орон сууцны төсөл хөтөлбөрүүд, агаарын бохирдлыг бууруулах ажлуудтай холбоотойгоор дулааны эрчим хүчний хэрэглээ хурдацтайгаар өсөн нэмэгдэж байна.

2020 онд хотын сүлжээний усыг 136,205.0 мян.тн байхаар төлөвлөсөн бөгөөд гүйцэтгэлээр 130,952.6 мян.тн зарцуулж, сүлжээний усны зарцуулалтыг төлөвлөснөөс 3.9%-иар буюу 5,252.4 мян.тн-оор бууруулж ажилласан.

Шинэ хэрэглэгчийн холболт, дулааны шугам тоноглолын өргөтгөл, шинэчлэлийн ажилтай холбоотойгоор сүлжээний усан эзэлхүүн жил бүр нэмэгдэж байгаа хэдий ч төв болон хэрэглэгчийн шугам, тоноглолын засвар үйлчилгээг чанартай хийж, техник хяналтыг сайжруулан ашиглалтын түвшинг дээшлүүлж, хэрэглэгч дээрх зүй бус усны алдагдал бууруулах арга хэмжээг тогтмол зохион байгуулан ажилласны дүнд сүлжээний нэмэлт усны зарцуулалтыг жил бүр бууруулан ажиллаж байна.

2020 онд гүйцэтгэлээр сүлжээнд нийт 3,472.4 мян.тн нэмэлт ус зарцуулж, төлөвлөснөөс нэмэлт усыг 13.1%-иар буюу 524.3 мян.тн-оор бууруулж ажилласан.

2020 онд нэгж дулаан тээвэрлэх усны зарцуулалтыг 20.65 тн/Гкал байхаар төлөвлөж, гүйцэтгэлээр 1Гкал дулааны эрчим хүчийг 19.54 тн усаар хэрэглэгчдэд хүргэж ажилласан нь төлөвлөснөөс нэгж дулаан тээвэрлэх усны зарцуулалтыг 1.11 тн/Гкал-аар, өмнөх оны гүйцэтгэлээс 0.52 тн/Гкал-аар тус тус бууруулж үр дүнтэй  ажилласан.

Нэгж дулаан тээвэрлэх усны зарцуулалтыг жил бүр бууруулж ажилласан нь тус компани нь хотын сүлжээг батлагдсан горимын дагуу оновчтой схемийн хувилбараар ажиллуулж, эх үүсгүүрийн дулаанжуулалтын тоноглолууд, даралт өргөх насос станцуудыг батлагдсан горимын дагуу ажиллуулж, хэрэглэгчийн узельд суурилуулсан автомат тоног төхөөрөмжийн ажиллагаанд тогтмол хяналт тавьж ашиглалтын түвшинг дээшлүүлэн, сүлжээний буцах усны температурыг өндөршүүлэлгүй барьж төв шугамын тоон тохируулга, зүгшрүүлгийн ажлыг үр дүнтэй чанартай хийж ажилласантай холбоотой юм.

Тус компани нь Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн системийн найдвартай ажиллагааг дээшлүүлэх талаар жил бүр анхаарч насжилтын хугацаа дууссан төв магистраль шугамыг шинэчлэн солих, шинээр татах ажлыг үе шаттай хэрэгжүүлэн ажиллаж байна. Тухайлбал 2018 оноос эхэлж судалгаа, тооцоог хийж ажлын эзэлхүүнийг тодорхойлон Европын сэргээн босголт хөгжлийн банк, Дэлхийн банкны санхүүжилтээр Улаанбаатар хотын дулаан хангамжийг сайжруулах, хөгжүүлэх томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. Эдгээр өргөтгөл, шинэчлэлтийн ажлууд хэрэгжсэнээр Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн хамрах хүрээ тэлэх, дулааны шугам, тоноглолын найдвартай ажиллагааг дээшлүүлэх, дулааны эрчим хүчний үр ашиг, чанар, хүртээмжийг сайжруулж хэрэглэгчдийг найдвартай, тасралтгүй хангах дулаан түгээлтийн техникийн эдийн засгийн үзүүлэлт дээшилнэ.

Өнгөрсөн 5 жилийн хугацаанд Улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр болон компанийн өөрийн хөрөнгөөр дамжуулах сүлжээнд Ø150-Ø1000мм голчтой 80.4 км урт дулааны шугамыг хэсэгчлэн болон өргөтгөн шинэчилсэн байна.

2020 онд шинээр угсарч буй шугам болон шинээр ажиллагаанд залгасан шугам

Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн систем нь 2020-2021 оны халаалтын улирлын оргил ачааллын үед G=24003 тн/ц-ийн зарцуулалттайгаар Дулааны цахилгаан станц-2,3,4 болон Амгалан дулааны станцад үйлдвэрлэгдсэн дулааны эрчим хүчийг батлагдсан горимын дагуу хэрэглэгчдэд түгээж ажилласан бөгөөд цаашид сүлжээний усны зарцуулалт улам нэмэгдэх дүр зураглал харагдаж байна.

Энэ нь жил бүр өсөн нэмэгдэж байгаа дулаан хангамжийн хэрэглээ, гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд шинэ суурьшлын бүсүүд бий болж барилгажилт эрчимтэй явагдаж байгаатай холбоотой юм.

Дулааны эрчим хүчний энэхүү өсөн нэмэгдэх хэрэглээг зайлшгүй хангаж дамжуулах сүлжээний хамрах хүрээг тэлэх нь хотын хөгжлийн чиг хандлага, ерөнхий төлөвлөгөөтэй уялдаж хийгдэж байгаа бөгөөд одоогийн эх үүсгүүрүүдийн суурилагдсан хүчин чадал нь холбогдсон хэрэглээнээсээ 50%-ийн чадлын дутагдалд ороод байна. Нийслэл хотын төвлөрсөн дулаан хангамжийн системийн суурилагдсан хүчин чадал одоогийн байдлаар 2504 Гкал/ц байгаа боловч холбогдсон хэрэглээ 2924.2 Гкал/ц-т хүрч суурилагдсан хүчин чадлаас давсан үзүүлэлттэй байна.

Цаашид ойрын жилүүдэд багтааж эх үүсгүүрүүдийн хүчин чадлыг нэмэгдүүлэн өргөтгөл, шинэчлэлтийн ажлыг зайлшгүй хийх, шинэ эх үүсгүүр буюу дулааны цахилгаан станц барих цаг болсныг тодорхой харуулж байгаа юм.

Хэдийгээр ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан дулааны эрчим хүчний эрэлт, хэрэгцээ тасралтгүй нэмэгдэж барилга, байгууламжууд олноороо холбогдож байгаа боловч тус компани нь төвлөрсөн дулаан хангамжийн системийг батлагдсан горимын дагуу оновчтой схемийн хувилбараар ажиллуулж, төв шугамын болон хэрэглэгчийн тохируулга, зүгшрүүлгийн ажлыг өндөр түвшинд чанартай хийж ажилласны үр дүнд өсөн нэмэгдэх дулааны эрчим хүчний хэрэглээг өнөөгийн түвшинд найдвартай, тасралтгүй ханган ажиллаж байна.

“УБДС” ТӨХКИАС САНААЧЛАН ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АЖЛУУД

А. Орон нутгийн дулаан хангамжийн чиглэлээр хэрэгжүүлсэн ажлууд

2010-2013 онд орон нутгийн аймгуудын дулаан хангамжийн иж бүрэн гидравлик тооцоо, судалгаа тохируулга, зүгшрүүлэг хийх хөтөлбөрт ажлыг хэрэгжүүлэх зорилгоор “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн бүтцэд “Аймгуудын төвийн дулааны тохируулгын алба” буюу /орон нутгийн дулаан хангамжийн хэсэг/ мэргэжлийн багийг шинээр санаачлан байгуулж 3 жилийн хугацаанд ажиллуулсан.                

Тус компани нь зөвхөн Улаанбаатар хотын дулаан хангамжийн ашиглалт засвар, үйлчилгээ, борлуулалт, найдвартай ажиллагааг хариуцдаг байсан бол 2010 оноос одоог хүртэл орон нутгийн дулаан хангамжийн асуудлыг давхар хариуцаж энэ чиглэлээр мэргэжлийн боловсон хүчин бүхий хэсгийг ажиллуулж тодорхой үр дүнтэй ажлуудыг үе шаттай хэрэгжүүлэн ажиллаж байна.

Энэхүү алба нь 9 инженер техникийн ажилтнуудаас бүрдэж 18 аймгийн төвийн дулаан хангамжийн системийн халаалтын улирлын гидравлик тооцоог шинээр хийж Эрчим хүчний яамны Шинжлэх ухаан техникийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн батлуулсан. Улмаар батлагдсан тооцоот горимыг хэрэгжүүлэх, шугам сүлжээний тооцоот даралтын туршилтыг хийх, илүү зарцуулалтыг бууруулах тохируулга, зүгшрүүлэг хийх, халаалт залгах ажлыг гүйцэтгэж мэргэжил арга зүйн зөвлөгөөг өгөх, сургалт явуулах чиглэлүүдээр орон нутагт хуваарийн дагуу 2-5 хүний бүрэлдэхүүнтэй баг болж нийт 776 хоног томилолтоор ажиллаж нийт 1561 тохируулах хэрэгслийг суурилуулж, дулааны эрчим хүч үйлдвэрлэгч аж ахуйн нэгж, хэрэглэгч байгууллагууд, иргэдэд халаалтын улирлын бэлтгэл хангахад хийх шаардлагатай 3270 ажлын даалгавар бүхий албан бичиг, албан даалгавар, 1870 албан шаардлага өгч ажлын гүйцэтгэлд техникийн хяналт тавьж ажилласан бөгөөд нэгдсэн дүнгээр 50- 250 мм голчтой 5500 гаруй метр дулааны шугамыг шинэлэн солиулж, 42 сүлжээний насос, 8 ширхэг халаалтын зуухыг шинээр суурилуулах ажлыг хийж гүйцэтгэсэн байна.

Эдгээр ажлыг 3 жилийн хугацаанд хэрэгжүүлсэн нь аймгийн төвүүдийн дулаан хангамжийн чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, сайжруулан хөгжүүлэх, ашиглалт, найдвартай байдлыг дээшлүүлсэн чухал ажил болсон юм. Энэхүү хөтөлбөрт ажил хэрэгжиж дууссаны үр дүнд орон нутгийн мэргэжилтнүүд, инженер техникийн ажиллагсад өөрсдөө тооцооны схемээ боловсруулдаг, гидравлик тооцоогоо нарийвчлан хийдэг, тохируулга, зүгшрүүлгээ оновчтой хийдэг, хэрэглэгчдийн мэдээллийн сангаа бүрдүүлдэг болсон.

2020 онд тус компани нь Хөвсгөл аймгийн Мөрөн хотын дулааны сүлжээний гидравлик тооцоо, Булган аймгийн Булган хотын дулааны сүлжээний гидравлик тооцоо, Ховд аймгийн шинэ дулааны станцын дулааны сүлжээний гидравлик тооцоо, Сэлэнгэ аймаг Сүхбаатар хотын дулааны сүлжээний гидравлик тооцоо, Дорноговь аймгийн Сайншанд хотын дулааны сүлжээний гидравлик тооцоо, Багануур дүүргийн дулааны станцын ДДТ-1-ийн гидравлик тооцоог сүүлийн үеийн дэвшилтэд Zulu-8.0 тооцооны программд гидравлик тооцоонуудыг боловсруулан дүгнэлтийн хамт хүргүүлж хэрэгжилтэнд хяналт тавьж ажилласан.

Мөн аймаг бүрийн гидравлик тооцооны хэрэгжилтэд хяналт тавьж горим барилтад онцгой анхаарч, дамжуулах болон түгээх сүлжээ, хэрэглэгчдийн тохируулга зүгшрүүлгийг тогтмол хийлгэснээр орон нутгийн дулаан хангамжийн горим ажиллагаа сайжирч, техник эдийн засгийн үзүүлэлтүүд дээшилсэн үр дүн гарсан.

Булган дулааны станцын параметр мэдээ :

2018 онд

P=7.2/4.2 ата

Т=98/68°С

G=140 тн/ц

Gну=4 тн/ц

2020 онд

P=7.5/4.0 ата

Т=102/58°С

G=170 тн/ц

Gну=1.3 тн/ц

Мэдээ параметрт дүгнэлт хийж үзэхэд 2020 онд сүлжээний буцах усны температур 2018 онтой харьцуулахад 10°С –аар буурч, даралтын зөрүү нэмэгдсэн, эх үүсвэр дээр барьж ажиллах өгөх усны температур 4°С нэмэгдэх нөхцөл бүрдсэн, температурын өндөржилт 5°С буурсан нь хэрэглэгчдийн дулаан хангамжийн системд тохируулгын ажил бүрэн хийгдэж байгаа үр дүн бөгөөд хэрэглэгчдийн дулаан хангамж сайжирсныг харуулж байна.

Орон нутгийн байгууллагууд, хотуудын өвөлжилтийн бэлтгэл ажлыг сайн хийж ажилласны дүнд нэмэлт усны алдагдлыг 26.6%-иар буурсан үзүүлэлттэй байна.

 Б. Нийслэл хотын агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр хийсэн ажлууд:

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны “Агаарын бохирдлыг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай” 43 дугаар тогтоол, 2019 оны “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” 62 дугаар тогтоол, Нийслэлийн засаг даргын 2019 оны “Нам даралтын халаалтын зууханд түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” А/1377 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангаж ажиллахад тус компани нь нийгмийн хариуцлагын хүрээнд нэлээдгүй ач холбогдол өгч дэмжин ажиллаж байна.

Тухайлбал 2020 онд “УБДС” ТӨХК нь Улаанбаатар хотын захирагчийн ажлын албатай хамтран нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж 100 кВт-аас дээш 415 ширхэг халаалтын зуух, 16-100 кВт-ын 423 ширхэг халаалтын зуухыг хотын төвлөрсөн дулаан хангамжид холбох чиглэлээр судалгаа тооцоог хийж дулааны шугамтай ойрхон байрласан, шугамын нэвтрүүлэх чадвар хүрэлцээтэй боломжтой зуухнуудыг тодорхойлон ажлын төлөвлөгөө гаргаж, төлөвлөгөөний дагуу халаалтын зуухнуудыг зогсоож, барилга, объектуудыг төвлөрсөн дулаан хангамжид холбох ажлыг зохион байгуулан хэрэгжүүлэн ажиллаж байна.

Амгалан дулааны станц ашиглалтанд орсонтой холбогдуулан сүүлийн жилүүдэд хотын зүүн бүсэд барилгажилт эрчимтэй явагдаж байгаа бөгөөд 2020 онд зогсоосон нийт халаалтын зуухны 61% буюу 51 ширхэг зуух нь Баянзүрх дүүрэгт байрлаж байна.

2020 онд Нийслэл хотод үйл ажиллагаа явуулж, байнгын галлагаатай агаарт хорт утаа ялгаруулж байсан 77 иргэн, аж ахуй нэгж байгууллагын бага, дунд чадлын нийт 83 ширхэг халаалтын зуухыг бүрэн зогсоож, зуухнаас дулаан авч байсан 19.2 Гкал/ц-ийн дулааны тооцоот ачаалал бүхий 161 барилга, объектыг төвлөрсөн дулаан хангамжид шинээр холбож ажилласан. Энэхүү ажлын үр дүнд түүхий нүүрсний хэрэглээг жилд нийт 18395 тонн-оор, агаарт хаягдах нарийн ширхэгт тоосонцор дэгдэмхий үнс, азотын давхар исэл, нүүрстөрөгчийн дутуу исэл, хүхрийн давхар исэл зэрэг хорт хаягдлын хэмжээг 1042 тонн-оор тус тус бууруулж чадсан нь тус компанийн нийгмийн өмнө хүлээсэн үүрэг хариуцлага, үүргээ биелүүлж хийж гүйцэтгэсэн бүтээлч ажлын илрэл юм.Улмаар иргэд оршин суугчдын тав тухтай ажиллаж, амьдрах орчин нөхцөлийг сайжруулаад зогсохгүй агаарын бохирдлоос болж эрүүл мэндээрээ хохирох нөлөөллийг бууруулж өгсөн.

1.Шинэ толгойт хороолол:

Сонгинохайрхан дүүргийн 2-р хороонд ХЕТ 2013/8 багцын “Б” хэсэгчилсэн талбайд төсөл хэрэгжүүлэгч Стандарт проперти ХХК нь шалгарч эхний ээлжийн Шинэ толгойт хорооллын эхний ээлжийн 262 айлын 9 давхар 2 блок орон сууцны барилгыг 2016 онд анх ашиглалтад оруулсан. Үүнээс хойш тус 2 блок орон сууцны барилга нь МУХТ-1.4 маркийн 2 ширхэг халаалтын зуухнаас дулаан авч, байнгын зуух галлаж тухайн орчимд агаарын бохирдлыг үүсгэдэг, автомат тохируулгагүйгээс шалтгаалж дулаан хангамж зутруухан өвөлждөг байсан.  Харин 2020 онд тус компанийн инженерүүд судалгаа, тооцоог хийж 9в магистраль, Цэргийн хотхоны салаа шугамаас холбогдохоор №288/2020 тоот техникийн нөхцөлийг олгосон. Улмаар тус худгаас тусдаа 2Ø300/250/150 мм-ийн голчтой 966 хос.метр дулааны шугамыг шинээр татаж 2020 оны 10 сард төвлөрсөн дулаан хангамжид шинээр холбосноор дулаан хангамж эрс сайжирч нийт 1000 гаруй оршин суугчдын тав тухтай орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлж өгсөн. Энэ ажлын үр дүнд тухайн орчмын томоохон 2 ширхэг халаалтын зуухыг зогсоож түүхий нүүрсний хэрэглээг жилд 240 тонн-оор бууруулсан.

2.Улаанбаатар төмөр замын БҮАны 2р анги орчим:

Баянзүрх дүүргийн 10-р хороо, Амгалан зах орчмын халаалтын зуухтай барилга, объектуудыг төвлөрсөн дулаанд холбох зорилгоор Нийслэлийн хөрөнгө оруулалтаар 2Ø400 мм голчтой 807.5 хос.метр дулааны шугамыг шинээр татах ажлыг 2020 хийж гүйцэтгэж шугамыг ажиллагаанд залгасан. Эхний ээлжинд гадна дулааны шугам татах ажил, халаалтын цогц төхөөрөмж, узель угсралтын ажлууд дуусч дулаан авахад бэлэн болсон УБТЗ ХНН БҮА-ны 2-р ангийн 100 кВт-ээс дээш хүчин чадалтай томоохон 8 ширхэг халаалтын зуухыг бүрэн зогсоож, тухайн ангийн 50 гаруй барилга, объектуудыг мөн тухайн орчмын нийт 9 иргэн, аж ахуй нэгж компанийн томоохон нийт 18 ширхэг халаалтын зуухыг бүрэн зогсоож, 9.8 Гкал/ц-ийн дулааны тооцоот ачаалал бүхий нийт 65 барилга, объектыг төвлөрсөн дулаан хангамжид шинээр холбосон. Энэ ажлын үр дүнд түүхий нүүрсний хэмжээг 10903 тонн-оор бууруулж иргэд оршин суугчдын тав тухтай орчинд ажиллаж амьдрах нөхцөлийг бүрдүүлэн өгсөн бөгөөд 2020 онд хэрэгжүүлсэн томоохон бүтээн байгуулалтын үр дүнтэй ажил болсон.

3.Сонгинохайрхан дүүргийн 9, 11 дүгээр хороо, Баянхошуу орчим:

Анх Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2015 оны               11 дүгээр сарын 20-ны өдрийн 198 дугаар тогтоолоор Баянхошуу дэд төвийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг баталсан. Ерөнхий төлөвлөгөөний дагуу Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх төслийн хүрээнд Баянхошуу дэд төвийг нүүрс түлдэг станцаар хангахаар төлөвлөж байсныг 2016 онд анх тус компанийн зүгээс санаачлан төвлөрсөн дулаан хангамжийн системд холбох нарийвчилсан тооцоо, судалгааны ажлыг хийж техникийн шийдлийг гаргаж нүүрс түлдэг станц буюу томоохон зуух барих ажлыг болиулсан билээ.

Баянхошуу орчмын суурьшлын бүс нь геодизын түвшний хувьд эх үүсвэрээс 80-100 м.у.б-ын өндөрт байрласан, алслагдсан байршил боловч тус компанийн инженерүүд гидравлик тооцоог нарийвчлан хийж судалгаа, тооцооны үр дүнг 2017 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн Эрчим хүчний яамны техникийн нөхцөл олгох комиссын хурлаар хэлэлцүүлэн Баянхошуу дэд төвийг төвлөрсөн дулаан хангамжийн системд холбох №9/2017 тоот техникийн нөхцөл олгогдсон.

Баянхошуу дэд төвийг төвлөрсөн дулаанаар хангахын тулд халаалтын зуух барихаар төлөвлөж байсан 8 сая ам долларын хөрөнгөөр 2017-2020 оны хооронд 11и магистралийн 2Ø400-2Ø500 мм голчтой 3.0 хос.км дулааны шугамыг 2Ø600/Ø700 мм голчтой болгон өргөтгөж, шинээр даралт өргөх насос станц суурилуулж, Баянхошуу дэд төв хүртэл 2Ø500/600 мм голчтой 3.2 хос.км дулааны шугамыг шинээр татах ажлыг хэрэгжүүлж 2020 онд Баянхошуу дэд төв ДДТ-1 хүртэлх тус шугамыг ажиллагаанд залгасан. Улмаар Сонгинохайрхан дүүргийн 9,11-р хороо, Баянхошуу орчмын шугам, тоноглолын угсралтын ажлыг дуусч дулаан авахад бэлэн болсон нийслэлийн 67,76 дугаар сургууль, 78,117,163 дугаар цэцэрлэг, 3 дугаар амбултори, Дайчин дент эмнэлэг, 9 дүгээр хороо зэрэг нийт 20 иргэн, аж ахуй нэгж байгууллагын 8 ширхэг халаалтын зуухыг зогсоож, 3.92 Гкал/ц-ийн дулааны тооцоот ачаалал бүхий 27 барилга, объектыг төвлөрсөн хангамжид холбосон. Энэ ажлын үр дүнд түүхий нүүрсний хэрэглээг жилд нийт 3231 тонн-оор, бууруулж чадсан нь иргэд оршин суугчдын тав тухтай ажиллаж, амьдрах орчин нөхцөлийг дээшлүүлж өгсөн юм.

Энэ ажил нь 2020 он хэрэгжүүлсэн томоохон бүтээн байгуулалтын үр дүнтэй ажил болсон. 2016-2020 онд агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлсэн ажлын нэгдсэн дүн

 “УБДС” ТӨХК нь нийслэл хотын агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр 2016 оноос бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт хийж судалгааны баг томилон ажиллуулж судалгаа, тооцоог нарийвчлан хийж, халаалтын зуухтай газруудад техникийн нөхцөлийг олгож, төвлөрсөн дулаан хангамжийн системд холбох чиглэлээр Эрчим хүчний яам, Эрчим хүчний хөгжлийн төв, Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба, холбогдох байгууллагуудтай хамтран үе шаттай ажлууд зохион байгуулан хэрэгжүүлэн ажилласан.

Энэхүү ажлын хүрээнд нийслэл хотын 6 дүүргийн нийт 830 гаруй халаалтын зуухнаас хангагддаг барилгуудыг төвийн дулааны шугамд холбох чиглэлээр иж бүрэн судалгаа, тооцоог хийж дулааны шугамтай ойрхон боломжтой байршлуудын халаалтын зуухнуудыг холбох ажлын төлөвлөгөөг гаргах, техникийн нөхцөлийг шуурхай олгох, гадна дулаан, дулаан механикийн ажлын зураг төслийг шуурхай хянах, шугам тоноглолыг шинээр угсрах, халаалтын цогц төхөөрөмж, узель барих ажилд хяналт тавих, мэргэжлийн зөвлөгөө өгөх зэрэг техник, зохион байгуулалтын холбогдох арга хэмжээг авч халаалтын зуухтай барилгуудыг үе шаттайгаар төвлөрсөн дулаан хангамжийн системд холбож ажилласан.

Сүүлийн 5 жилийн хугацаанд агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр зогсоосон зуух, холбогдсон барилгын тоо графикаар:

2016-2020 оны хооронд төвлөрсөн дулаан хангамжид холбосон зуухны тархац

Сүүлийн 5 жилийн хугацаанд нийслэл хотод байнгын галлагаатай ажиллаж агаарт хорт утаа ялгаруулж байсан бага, дунд чадлын нийт дүнгээр 386 ширхэг халаалтын зуухыг бүрэн зогсоож, түүнээс дулаан авч хангагдаж байсан 81.4 Гкал/ц-ийн дулааны тооцоот ачаалал бүхий 595 барилга, объектыг төвлөрсөн дулаан хангамжид шинээр холбож иргэд оршин суугчдын ая тав тухтай ажиллаж амьдрах нөхцөл боломжийг бүрдүүлэн өгсөн байна.

Эдгээр зуухнуудад шатааж байсан түүхий нүүрсний хэрэглээг нийт дүнгээр тооцож үзэхэд жилд 141189 тонн-оор, агаарт хаягдах нарийн ширхэгт тоосонцор дэгдэмхий үнс, азотын давхар исэл,  нүүрстөрөгчийн дутуу исэл, хүхрийн давхар исэл зэрэг хорт хаягдлын нийт дүнгээр жилд 7187 тонн-оор тус тус бууруулж агаар, орчны бохирдлыг тодорхой хэмжээнд арилгаж бууруулсан үр дүнтэй ажлыг хийж гүйцэтгэсэн.

2016-2020 онд агаар, орчны бохирдлыг бууруулах хөтөлбөрт ажлын хүрээнд “Улаанбаатар Дулааны Сүлжээ” ТӨХК-ийн хэрэгжүүлсэн ажлын үр дүн:

В.Газарзүйн мэдээллийн системд суурилсан дулаан хангамжийн мэдээллийн менежментийн системийг хөгжүүлэх чиглэлээр хийсэн ажлууд:

Дулаан хангамжийн системийн гол бүрэлдэхүүн хэсэг болох дулааны шугам, дулаан дамжуулах төв, узелийн тоноглол, хэрэглэгчийн барилга, объектын мэдээлэл, тооцооны өгөгдлүүд зэрэг шаардлагатай бүх мэдээллийг газарзүйн хэмжээс програмд оруулж, өгөгдлүүдэд дүн шинжилгээ хийж үр дүнг өдөр тутмын үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд ашиглаж байна. Энэхүү газарзүйн мэдээллийн ARCGIS програм хангамжийг хөгжүүлснээр цогц мэдээллийн сантай болох, байгууллагад хэрэглэж байгаа бусад програм хангамжууд хооронд мэдээлэл дамжуулж хослон ажиллах боломжтойгоороо давуу талтай юм.

Компанийн үйлчилгээг хэрэглэгчдэд илүү ойртуулж түргэн шуурхай болгох, үр ашгийг дээшлүүлэх чиглэлээр компанийн дотоод мэдээллийн сан, газарзүйн мэдээллийн ARCGIS програм хангамжийг хөгжүүлэх сайжруулах чиглэлээр хэд хэдэн ажлыг шинээр санаачлан хэрэгжүүлж, багагүй амжилтанд хүрсэн.

Тухайлбал 2020 онд өдөр тутмын судалгаа тооцоонд тогтмол ашиглах, судалгаа тооцоог оновчтой хийх, механик үйлдлийг хөнгөвчлөх зэрэг асуудлуудыг цогцоор шийдэх зорилгоор 2020 онд тус компанийн ARCGIS программ хангамжийн ахисан шат болох ухаалаг SICAD UT программыг мэдээллийн санд шинээр нэвтрүүлэн хөгжүүлэлтийг хийж ажиллаж байна.

Мөн 2020 онд дамжуулах сүлжээний 14 цэгт шинээр алсын зайнаас мэдээлэл авах тоноглол суурилуулан нийт 35 цэгийн мэдээг газар зүйн байршлаар гарган тогтмол авч хянах, /компьютер, гар утаснаас харах/ өдөр тутмын тохируулгын үйл ажиллагаанд ашиглан ажиллаж байна.

Гарсан үр дүн:

  • Үйлдвэрлэлийн үйл ажиллагааны үндсэн техникийн үзүүлэлтүүдийг газарзүйн мэдээллийн системд оруулснаар өдөр тутмын үйл ажиллагааны техник хяналтыг сайжруулж, ажиллагсдын хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлсэн.
  • Скада системийн хөгжүүлэлтийг хийснээр гадна агаарын температуртай уялдуулан тохируулга, зүгшрүүлгийн ажлыг богино хугацаанд чанартай хийж дулааны эрчим хүчийг төлөвлөгөөт хэмжээнд үр ашигтай дамжуулан түгээх боломжтой болсон.
  • Шугам сүлжээний эзэмшлийн зааг бүрэн тодорхой болж, солих шаардлагатай насжилтын хугацаа дууссан шугам, тоноглолын мэдээллийг мэдээллийн сангаас шууд авдаг болсон.
  • Горим ажиллагааны хувьд хангагдаж буй сүлжээтэй нь уялдуулан хянах дүгнэх боломж бүрдсэн.

 Г. Үйлчилгээний чанарыг дээшлүүлэх чиглэлээр хийж буй бусад ажлууд:

Хэрэглэгчдэд хүргэх үйлчилгээг хөнгөвчлөх, ажилчдын ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх зорилгоор “70047005” дугаарын дуудлагын төвийг 24 цагийн турш тасралтгүй ажиллуулж хэрэглэгчдээс ирсэн дулаан хангамжтай гомдол, саналыг хүлээн авч шуурхай барагдуулан, мэдээлэл лавлагаанд хариулт өгч ажиллаж байна.

Цар тахлын нөхцөл байдалтай уялдуулан цахим систем, дотоод үйл ажиллагааны програм хангамжийн хөгжүүлэлтийг тасралтгүй хийж хэрэглэгчдэд “Дулааны эрчим хүчээр хангах” гэрээний мэдээллээ харах, өөрчлөлт оруулах, хэрэглэгчийн тоолуурын заалтыг авах, төлбөр тооцоогоо гар утас болон онлайнаар хийх боломжийг олгосон. Мөн хэрэглэгчдийн төлбөрийн нэхэмжлэхийг My.dulaan.mn веб сайтаар болон, имэйл хаягаар нь илгээж мөн дулааны техникийн нөхцөл болон дулааны тоолуурын техникийн нөхцөлийн хүсэлтийг иргэн аж ахуй нэгж байгууллагуудад хүндрэл чирэгдэлгүйгээр цахимаар авч ажлын 7-14 хоногийн дотор шуурхай шийдвэрлэн хариуг өгч ажиллаж байна.

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 211 дүгээр тогтоол, Эрчим хүчний сайдын 2020 оны 269 дүгээр тушаалаар батлагдсан “Цахилгаан, дулааны эрчим хүч, дулааны уурын төлбөр тооцоог зохицуулах түр журам”-ын гүйцэтгэлийг олон нийтэд танилцуулах, мэдээлэх, хэрэглэгчдэд төлбөрийг хөнгөлөх, зөрүүг тайлбарлах, програм шинэчлэлтийг хийж хэрэглэгчдэд зориулан цахим хаяг үүсгэх зэрэг тодорхой ажлуудыг Эрчим хүчний яам болон дээд байгууллагаас өгсөн чиглэлийн дагуу ажлын төлөвлөгөө гарган мөрдөн хэрэгжүүлэн ажиллаж байна.

Эрчим хүчний салбарын шилдэг байгууллага:

  • 2017 онд Эрчим хүчний салбарын хэмжээнд үйл ажиллагаа, ажлын үр дүнгээрээ үнэлэгдэж салбарын “2017 оны шилдэг төрийн өмчит байгууллага”-аар шалгарсан.
  • Монгол улсын эдийн засаг, бизнесийн хөгжилд жинтэй хувь нэмэр оруулж байгаа томоохон аж ахуйн нэгжүүдийг шалгаруулдаг “ТОП-100” , “ТОП-150” шалгаруулах арга хэмжээнд сүүлийн 8 жил дараалан амжилттай оролцож “ТОП-100” , “ТОП-150” аж ахуй нэгж компанид шалгарсан.
  • Нийслэлийн шилдэг шимтгэл төлөгч ажил олгогч байгууллага, нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч байгууллагаар тогтмол шалгарсан.

CALL CENTER

Хэрэглэгчийн санал хүсэлт, гомдлын мэдээлэл лавлагааг дуудлагын төвийн

7004-7005

дугаар дээр хүлээн авч байна.