Page Title

ЭРХЭМ ЗОРИЛГО: НАЙДВАРТАЙ, ҮР АШИГТАЙ АЖИЛЛАГААГ ХАНГАЖ ХОТ СУУРИН ГАЗРЫН ТУЛГУУР ХҮЧ БОЛНО

МЭНДЧИЛГЭЭ

        "Улаанбаатар Дулааны Сүлжээ" ТӨХК нь 2022-2023 оны халаалтын улирлын жилд Нийслэл хотын төвлөрсөн дулаан хангамжийн системд холбогдсон 2921 аж ахуйн гэрээт хэрэглэгчид, ОСНААУГ-ын харьяа 3 түгээх төвийн Хэрэглэгчдэд үйлчлэх 16 төв болон Хувийн тусгай зөвшөөрөл эзэмшигч 67 компанийн нийт 12800 гаруй барилга объектын халаалт, хэрэгцээний халуун ус, салхивчийн нийт 3403.3 Гкал/ц-ийн дулааны тооцоот ачаалал бүхий дулааны эрчим хүчний хэрэглээг "Амгалан дулааны станц" ТӨХК, "ДЦС-2" ТӨХК, "ДЦС-3" ТӨХК, "ДЦС-4" ТӨХК-иудад үйлдвэрлэсэн дулааны эрчим хүчээр найдвартай ханган ажиллаж байна.

Жилд дунджаар 190-240 Гкал/ц-ийн дулааны тооцоот ачаалал бүхий 350-62гаруй барилга, байгууламжийг төвлөрсөн дулаан хангамжид шинээр холбож дулаан түгээлт жилдээ 5-8%-иар өссөн үзүүлэлттэй байна.

"Улаанбаатар дулааны сүлжээ" ТӨХК нь нийслэл хотын төвлөрсөн дулаан хангамжийн системийн найдвартай ажиллагааг дээшлүүлэх чиглэлээр жил бүр анхаарч улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр болон өөрийн компанийн хөрөнгөөр ашиглалтын байдал муудсан, насжилтын хугацаа дууссан шугам, тоноглолыг үе шаттайгаар шинэчлэн солих ажлыг зохион байгуулан ажиллаж байгаа бөгөөд хэдийгээр эх үүсвэр, дамжуулах сүлжээний хүчин чадал хүрэлцэхгүй болсон ч хотын сүлжээг оновчтой схемээр ажиллуулан тохируулга, зүгшрүүлгийн ажлыг чанартай хийж ажилласны үр дүнд нийслэл хотын төвлөрсөн дулаан хангамжид холбогдсон хэрэглэгчдийг дулааны эрчим хүчээр найдвартай ханган ажиллаж байна.

Европын сэргээн босголт хөгжлийн банк, Дэлхийн банкны санхүүжилтээр хийгдэж буй томоохон бүтээн байгуулалтын ажлууд амжилттай хэрэгжиж, дулаан хангамжийн өргөтгөл шинэчлэл хийгдсэн шугамууд эхнээсээ сүлжээнд залгагдсан.

Төсөл хөтөлбөрийн хүрээнд болон улс, нийслэлийн хөрөнгөөр хийгдэхээр төлөвлөгдсөн дээрх шугамын өргөтгөл, шинэчлэлтийн ажлууд бүрэн хийгдэж дууссанаар нийслэл хотын төвлөрсөн дулаан хангамжийн системийн хамрах хүрээ тэлж гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд баригдаж буй орон сууцны хороолол, хотхон өсөн нэмэгдэх хэрэглээг дулааны эрчим хүчээр хангах техникийн боломж бүрдэхээс гадна, хотын сүлжээний горим ажиллагаа, найдвартай ажиллагааны түвшин дээшилж, техник эдийн засгийн үзүүлэлтүүд нэмэгдэхээс гадна нийт хэрэглэгчдийн дулаан хангамж сайжирна.

Хэрэглэгч та бүхэн чанартай дулааны эрчим хүчээр найдвартай хангагдаж өвлийг өнтэй сайхан давахыг хүсэн ерөөе.

Монгол орны гал голомт мөнхөд мандан бадрах болтугай.